Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлэв
2022-03-23
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Украин Улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах тухай санал хүргүүллээ.
Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ хэцүү цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа байх аа. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, "Улаан загалмайн нийгэмлэг"-тэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна. Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй" гэжээ.
Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украины Засгийн газрын тэтгэлгээр 100-гаад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсэж буйгаа дурдсан байна.
Сэтгэгдэл