“100 гр ундаан дахь чихрийн агууламж таван граммаас дээшгүй байвал татвар ногдуулахгүй”
2022-03-23

           УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл нарын гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад хийсэн “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгаагаар чихрийн шижин, таргалалт нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болсныг тогтоосон байна. Сүүлийн долоон жилд гэхэд 7-11 настай хүүхдүүдийн таргалтын хувь долоо дахин өссөн аж. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улсад хандаж, “Хэт чихэрлэг хүнсийг хязгаарлахгүй бол маш их сөрөг үр дагавар нийгэмд үүсэж, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлдэг. Тиймээс чихрийн агууламж ихтэй хүнсний хэрэглээг бууруулахын тулд татвар авах”-ыг уриалсан байна.

          100 гр ундаан дахь чихрийн агууламж таван граммаас дээшгүй байвал татвар ногдуулахгүй. Харин үүнээс их хэмжээний чихрийн агууламжтай бол онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь дэлхий нийтийн чиг хандлага гэдгийг хууль санаачлагчид тодотгов. Хэрэв хуулийг баталбал 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна. Урьдчилсан төсөөллөөр 98 орчим тэрбум төгрөгийг уг татвараас бүрдүүлэх боломжтой гэж үзжээ. Уг хөрөнгөөр сургуулиудад цэвэр усны төхөөрөмж байршуулах болон бусад ажилд зарцуулах юм байна. Гэхдээ татвар авах нь чухал биш, чихэрлэг ундааны хэрэглээ буурах нь гол зорилт гэдгийг тэд тэмдэглэв. 

          Аливаа асуудалд “гал унтраах” байдлаар бус ирээдүйдээ анхаарч, уг хуулийн төслийг боловсруулснаа С.Одонтуяа гишүүн онцоллоо. Учир нь чихэрлэг хүнсийг хязгаарласнаар 10-15 жилийн дараа хүн амын эрүүл мэндэд эерэг өөрчлөлт гардаг гэнэ. Чихэрлэг хүнс хэрэглэгчдээс судалгаа авахад тэдний 68 хувь нь “Зөвхөн ундаанаас сахарыг авдаг” гэж хариулжээ.

        УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ бодож, аливаа асуудалд хандаж ирсэн. Гэвч монгол хүний эрүүл мэндийг бодох цаг аль хэдийн болсон. Бид хэтэрхий их хоцорч байгаа. Жишээ нь, нэг жилд 10 мянган иргэнээ хоёрхон өвчний улмаас “алдаж” байна. 6000 хүн зүрх судасны өвчин, 4000 нь хоёрт хавдрын улмаас нас бардаг. Орчны бохирдол гээд мэдээж олон шалтгаан бий. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчний улмаас амиа алдаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл. УИХ-ын даргатай холбогдох ажлын хэсэг хуралдаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг бий болгох тухай ярилцсан. Энэ бол монгол хүн эрүүл саруул, өвчин зовлонгүй, аз жаргалтай амьдрах тухай хуулийн төсөл юм. Иргэдийг өвдсөнийх нь дараа эмчлэхэд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 90, урьдчилан сэргийлэхэд ердөө 10 хувийг нь л зарцуулж байна. Монгол хүн эрүүл хооллож, зөв дадал зуршилтай, идэвхтэй амьдралын хэвшилд шилжих хэрэгтэй” гэв.
        УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Би өмнө нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад, мөн одоо Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хугацаанд эцэг, эхчүүдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын дийлэнх нь сургуулийн орчимд хэт чихэрлэг хүнс, мөн гарал үүсэл нь тодорхойгүй янз бүрийн ундаа худалдаж байгаа тухай байдаг. Судалгаа хийхэд хүүхдүүдийн 70 хувь нь шүдний өвчтэй байна. Бүх өвчний үндэс нь шүдний цоорол, өвчлөлөөс улбаатай. Энэ нь чихэрлэг ундаа, хүнс ихээр хэрэглэж байгаатай холбоотой" хэмээв. 

         Хэрэв үйлдвэрлэгчид чихрийн агууламж багатай ундаа үйлдвэрлэдэг болчихвол хуулийн үйлчлэх хугацааг дуусгах аж. 

Сэтгэгдэл