Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банканд 2016 онд хяналт шалгалт хийсэн. Тус ажлын хэсэг нэг сар орчим хугацаанд ажиллаж, хяналт шалгалтын талаарх материалаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Засгийн газар тухайн үед уг асуудлыг хаалттай хэлэлцсэн бөгөөд материалыг "нууц"-ын зэрэглэлд шилжүүлжээ. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.
Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, санхүүжилтийн зарцуулалт болон хэрэгжилтэд нь 2016 онд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу ил болгосон байна. Материалтай энд дарж танилцана уу.
Материалын төгсгөлд цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа ажлын хэсгээс Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад уламжилсан байна. Тэдгээрээс онцлох зарим саналыг танилцуулъя.
- Хөгжлийн банкны удирдлага нь гадаад албан томилолт сургалт зэрэгт Албан томилолтын журамд заасан зохих дүнгээс хэт өндөр төсвийг батлан зарцуулдаг тул цаашид журмын дагуу ажиллах нь зүйтэй.
- "Чингис" бондын эх үүсвэрийг Хөгжлийн банканд ам.доллараар байршуулаагүйгээс тус бондын эргэн төлөлтийг хийхэд хүүгийн зөрүүгээр Засгийн газар 694.5 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээхээр байна.
- Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид үүссэн эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан байна. Тухайлбал, Засгийн газрын 2013 оны 239, 299 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" компанийн барьсан авто замыг "Эрдэнэс МНГ" компанийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, "Эрдэнэс Монгол" ХХК болон МУХБ-ны хооронд 2014 оны хоёрдугаар сарын 10-нд З-ЭМГЛ-ХО-2014-05 дугаартай зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байна. Векселийн хугацаа дуусах үед Монголбанкнаас МУХБ-нд векселийн төлбөрийг хугацаандаа төлөх, хугацаа хэтэрвэл хуулийн дагуу алданги төлөхийг удаа дараа бичгээр анхааруулсан боловч төлөлт хийхгүй явсаар 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээж, банкийг хохироосон.
- 2016 онд худалдан авсан нийт гэрээний үнийн дүнгээс 1 186 308 250 төгрөгийн гэрээ нь банкийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд зориулан зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнө байгуулсан гэрээнүүд ихэнх хувийг эзэлж байна.
- Төсвөөс эргэн төлөгдөх "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд 1 484 800.00 мянган төгрөгийг (2016 оныг оруулбал 2 217 600.00 мянган төгрөг) давхар тооцон санхүүжүүлсэн байна.
- "Шинэ төмөр зам" төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг Зам тээврийн хөгжлийн яам шалгах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, төсөл захиалагчаас банканд ирүүлсэн зарим баримт бичгээс харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар, "Монголын төмөр зам" ТӨХК-ий энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй Хятадад оюутан сургасан 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна.
- "Тавантолгойн цахилгаан станц" төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 932.98 ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 971.92 ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 414 474.07 ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардал гаргасан.
- "Шинэ Яармаг" орон сууцын хорооллын санхүүжилтийг Засгийн газар, УИХ-ын тогтоолгүй гаргасан.
- "Блүүмберг" телевизтэй 2013 оны аравдугаар сарын 21-нд байгуулсан 1 835 200 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 3 115 252 000 төгрөгийн зар сурталчилгаа байршуулах гэрээ байгуулсан.
- "Эрдэнэс Тавантолгой" компанид хуульд заасан шаардлага зөрчиж, нийт гурван удаа гэрээ байгуулан нийт 250 сая ам.долларын зээл олгосон. Үүнээс 50 сая ам.долларыг Засгийн газрын үнэт цаас гарган Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар төлж барагдуулсан боловч 200 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй. "Эрдэнэс Тавантолгой" компаниас ирүүлсэн баримтаас үзэхэд дээрх зээлийн мөнгөн хөрөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн байна.