МАН: Ам.долларын дэвсгэртийг хилээр гаргаж байгаа гэдэг нь худал
2022-03-21

       УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үед иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг сонссон бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ талаар авч хэлэлцжээ. Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуудлыг шийдвэрлэх ямар гарц, бодлого шийдвэр боловсруулан ажиллаж байгааг асууж тодруулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд улс орны эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн дүүргүүдэд дэд бүтэц сайжруулах, эрчим хүчний асуудалд анхаарал хандуулах, хаврын тариалалтын үеийн үр тариа, бордооны хүрэлцээ, ноосны урамшуулал, ноолуурын үнэ, малын гоц халдварт шүлхий өвчний тархалт, вакцинжуулалтын талаар зөв бодлого, шийдвэр хэрэгжүүлэх тухай уламжилсан аж.

МАН-ын бүлгийн гишүүд сэтгүүлчдийн ямар асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Дайн болж байгаатай холбоотойгоор ОХУ-аас үр бордоо импортлох боломжгүй болсон гэсэн. Үнэн үү. Монголоос ам.долларыг гадагшаа цүнх цүнхээр савлан гаргаж байна гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөх үү?

-ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар манай улсад энэ жил 64 мянган тонн үрийн хэрэгцээ шаардлага бий. Үүний 59 мянган тонныг нь дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Өнгөрсөн жил ургац сайн авсан тул үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Харин бордооны тухайд бага зэрэг хүндрэлтэй. Зургаан мянган тонн бордоо худалдан авах гэрээг одоогоор хийсэн байгаа гэсэн. Хил, гаалиар бэлэн мөнгө гаргах нь хуулиар хориотой. Авто болон төмөр замаар ам.долларыг гадагшаа гаргаж байгаа гэдэг нь худал.

- Үнийн өсөлтийн талаар ярилцсан уу?

-Үнийн өсөлтийг бүгдээрээ мэдэрч байгаа. Импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс багассан, мөн тэдгээрийн үнэ, тээврийн өртөг өссөнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн эцэст нэг тонн шатахуун 70 орчим ам.долларын үнэтэй байсан. Өнөөдөр энэ тоо 105-110 ам.долларт хүрлээ. Энэ бол монголоос шалтгаалж байгаа асуудал биш. ОХУ, Украины дайнтай холбоотой. Мөн ам.долларын ханш өсөж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлж буй юм. Нуулгүй хэлэхэд, инфляцыг хэрхэн барих, ам.долларын ханшийг өсгөхгүй байхад л анхаарч байна.  

 

   

 

Сэтгэгдэл