Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар дараа нь мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хөгжлийн банкны холбогдох албаныхан тус банканд үүссэн чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл өгсөн. Уг банкийг байгуулснаас хойш хуулийнхаа дагуу зүй ёсоор үйл ажиллагаа явуулаагүй байна. 2012 оноос хойш банканд дөрвөн удаа шалгалт хийсэн бөгөөд бүгдийнх нь мэдээллийг нууцын зэрэглэлд хамруулсан байжээ. Засгийн газар, хууль хяналтын байгууллагаас чанаргүй зээлийн болон бусад асуудалд сайтар анхаарахгүй байна. Тиймээс та, бидний анхаарлын төвөөс уг асуудлыг гаргах учиргүй. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас хянан шалгах түр хороог байгуулбал асуудлыг арай өөр түвшинд хүргэх байх” гэв.
“Үндсэн хуулийн нэг заалт нь нөгөөтэйгээ зөрчилдөнө гэж байх уу”
АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн чуулганаар Цахим хөгжил, харилцаа холбооны, Эдийн засгийн хөгжлийн гэсэн хоёр яамыг байгуулсан. Зайлшгүй хэрэгтэй, яарлтай гэж үзээд, ийм шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл сайд нарыг нь томилоогүй байна. Одоогоор хоёр өөр яамны сайд ажлын чаалал ихтэй байгаа ч тус яамыг түр хариуцаж байгаа. Шинээр байгуулсан хоёр яамны сайдыг яаралтай томил. Шинэ сайд нарыг хурдан ажилд нь оруулж, хөгжлийн асуудлаа шийдэх хэрэгтэй. АН-ын үед Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, ажиллаж байхад ямар их бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж хийснийг иргэд мэднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар УИХ-ын дөрвөөс дээшгүй гишүүн сайдаар давхар ажиллах эрхтэй. Гэтэл уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцэд хандаж, шийдвэр гаргуулах гэж байна. Үндсэн хуулийн нэг заалт нь нөгөөтэйгээ зөрчилдөнө гэж байх уу” гэсэн юм. Мөн тэрбээр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль буюу “Ковидын хууль”-ийн үйлчлэлийг зогсоох хэрэгтэй. Цар тахалтай холбоотой бүх хорио цээрийг цуцалсан байхад энэ хууль хэрэггүй. Гамшгаас хамгаалах тухай хуулиар уг хуулийн харилцааг зохицуулах боломжтой. Энэ асуудлыг би хөндөхөд УИХ-ын дарга “Гамшгаас хамгаалах тухай хуулиар харилцааг нь зохицуулах боломжтой. Онцгой байдлын байгууллага, Засгийн газар яагаад Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихгүй байна вэ" гэж анхааруулсан. “Ковид”-ын хуулийг цуцлахгүй бол төсвийн мөнгийг дураараа, хяналтгүй, үрэлгэн зарцуулж байна” гэж тодотгосон.
Дараа нь АН-ын дарга С.Эрдэнэ “Бүргэлтгүй, тамгагүй, төлөөлөх бүрэн эрхгүй хэсэг бүлэг хүн АН-ын даргын сунгаа гэх зүйлийг зохион байгуулж байгаа нь хууль бус үйлдэл” гэдгийг онцлов.