Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд баталсан. Иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж буй бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа, эсэхэд төрийн холбогдох байгууллагаас хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар уг хуульд тусгасан байдаг. Гэвч төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулдгийг олон судалгаа гэрчилсээр ирсэн. Тиймээс төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ жилээс эхлэн 2024 он дуустал зогсоох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Ирэх пүрэв гаргийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх уг хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэе.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд батлах шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүний нэг нь дээрх хуулийн төсөл бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн өргөн барихдаа холбогдох мэдээллийг өгч байсан. Тэрбээр “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар тухайн төрөл, чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Гэвч энэ нь аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг гэдгийг иргэд удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсан. Харин Монголбанкны, Санхүүгийн зохицуулах хорооны, гааль татварын, эрүүл мэнд нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтуудыг зогсоохгүй. Үүнээс бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг энэ хууль батлагдсаны дараа гурван жилийн хугацаанд зогсооно. Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн, иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шалгалтууд үргэлжилнэ. Үүнд хүний амь нас, эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой шалгалт хамаарах юм” гэсэн.