УИХ-ын 2022 оны хаврын чуулган мягмар гарагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр тодотгож, амжуулах ёстой олон ажил байгаа тул алжаал амралтаа хойш тавин зүтгэх шаардлагатайг сануулав. Тэрбээр үнийн өсөлтийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, өрийн удирдлагын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн, батлах, "Шинэ сэргэлт"-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байгааг онцолсон. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн, Улс төрийн намын, Улс төрийн намын санхүүжилтийн, Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Үүнээс гадна парламентын ардчиллыг төлөвшүүлэх тухайд дөрвөн асуудлыг хөндсөн нь онцлог байв. Тодруулбал, нэгдүгээрт, УИХ хянан шалгах бүрэн эрхээ сайтар хэрэгжүүлэх, үүний хүрээнд Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарах, хоёрдугаарт, Монголын нөхцөлд тохирсон, сонгуулийн тогтолцоог нэвтрүүлэх, гуравдугаарт, парламентын гишүүдийн тоог нэмэх, дөрөвдүгээрт, цахим шилжилт хийх, иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” системийг бий болгох нь зүйтэйг тодотгосон юм.
Ажлаа бодитой дүгнэсэн, эсэхийг нягтлах уу
Чуулган нээлтээ хийсний дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг өргөн барьсан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд зургаан бодлого, 259 зорилт бүхий 1087 арга хэмжээг тусгасан байдаг. Дээрх хөтөлбөрийг 2021 оны байдлаар 74.5 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэснээ дарга Ц.Нямдорж танилцуулсан. УИХ-аар удахгүй үүнийг хэлэлцэх бөгөөд тухайн үед хэрэгжилтийг нь бодитой дүгнэсэн, эсэхийг гишүүд нягталж, тодорхой болгох биз ээ. Өргөн барьсан уг баримт, мэдээллийг УИХ-ын Тамгын газар одоогоор нээлттэй байршуулаагүй тул хэрэгжилтийн талаарх мэдээлэл тодорхой бус байна.
Цар тахлын эсрэг ажилд зарцуулсан санхүүжилтийг УИХ-д танилцуулна
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо мягмар гарагт хуралдлаа. Манай улсад 2022 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар коронавируст халдварын улмаас 2105 иргэн нас барсан бөгөөд тэдний 1677 нь архаг суурь өвчтэй байжээ. Түр хорооны дарга Б.Баттөмөр коронавирусийн шинэ хувилбарын тандалт хийх лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвдсөн хүмүүсийг зохих эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр дэлхийн чиг хандлагыг судалж, тодорхой бодлого хэрэгжүүлэх, шинэ хувилбар гарч болзошгүй учир эрсдэлд үргэлж бэлэн байхыг анхааруулсан. Мөн тэрбээр коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн дүнд аудит хийж дууссанаар, дүнг УИХ-д танилцуулахад анхаарч ажиллахыг УОК-ынхонд захисан юм.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзав
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 16-нд бараалхав. ЕСБХБ-аас Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбар зэрэг нийт 116 төслийг хэрэгжүүлэхэд олгожээ. Суурин төлөөлөгч Ханнес Такач ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичигт Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан, мөн ЕСБХБ-аас Монгол Улсад олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь хувийн хэвшилд чиглэгдсэнийг онцолсон. УИХ-ын дарга Г.Занданшатар "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дагуу эдийн засгаа төрөлжүүлж, санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ногоон шийдлүүдийг багтаасан үр ашигтай, чанартай, тогтвортой дэд бүтцийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө ЕСБХБ-тай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Нэг ажлыг хоёр удаа хийх шаардлагагүй гэж шүүмжилсэн нь
УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө”-ний гурав дахь хэсэгт иргэний мэдэх эрхийг хангах асуудлыг дээрх хуульд өөрчлөлт оруулан зохицуулахаар тусгасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай бий. 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ найман га талбайг нөхөн сэргээх асуудлыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийгээд ажиллаж байгаа”-г онцлов. Уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүйг зарим гишүүн хөндсөн. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд уг хуулиар зохицуулах харилцааг тусгаж, аль хэдийн баталсан бөгөөд нэг ажлыг хоёр хийх шаардлагагүй гэж байв.
Мөн тус хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон үүсэж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэхийг тодотгосон.
Газрын багц хуулийн төслийг удахгүй өргөн барина гэв
Харин чуулганы баасан гаргийн хуралдаанд газрын шинэтгэлийн бодлого, цахим системийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулж, УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгсөн. Газар олгох, бүртгэх, худалдах, үнэлэх болон кадастрын зураг, хаягжилт зэрэг олон үйл явцыг цахимжуулж, долоон дэд бүтэц бүхий нэгдсэн нэг системийг ашиглалтад оруулсныг энэ үеэр тодотгосон. Мөн Монгол Улсын иргэдийн 19.8 хувь нь газар өмчилж авсан бөгөөд Газрын багц хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэсэн, уг хуулийг баталснаар газартай холбоотой бүх асуудлыг шийдэх боломжтойг онцолж байв.