Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, парламент дахь цөөнхийн төлөөллийн асуултад хариулт өглөө. Сайд Б.Мөнхбаатарын танилцуулга дурдсан онцлох мэдээллийг товчлон хүргэе.
“Дүнжингарав худалдааны төвийн гаднах газрыг хурааж авчихаж болохгүй юу”
УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд сайдад ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.
С.Одонтуяа: Газрын мэдээллийн санг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төслийг 2013 онд буюу АН эрх барьж байх үед эхэлсэн. Мөн Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц бий болгох цогц төслийг эхлүүлсэн байдаг. Түүнчлэн хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй бүх зүйлийг зурагзүйн тоон технологи ашиглан бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгохоор зорьсон. Малчин иргэдийн дунд бэлчээр, худаг ус, өвөлжөө, хаваржааны асуудлаас болж хоорондоо зөрчилдөх, буу барьж дайрах тохиолдол гарсан. Энэ чиглэлээр хууль, эрх зүйн ямар нэг шинэчлэл хийх үү. ИРгэн бүрт 0.07 га газрыг өмчлүүлэх боломжтой. Одоогоор хэчнээн иргэн энэ газраа өмчилж авсан бэ. Иргэдэд 0.07 га газрыг нь өгөхдөө дэд бүтэцгүй талбай санал болгож, “Авахгүй бол хэрэггүй” гэдэг. Тэгсэн мөртлөө том компаниудад Тэрэлж, Яармаг орчимд 30, 100 га газрыг өгчихөөд байдаг. Нийтийн эдэлбэр газраас хумсалдаг байдалд иргэд бухимддаг. Тиймээс үүнд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн доройтсон хэдий хэмжээний газрыг нөхөн сэргээсэн бэ?
Б.Мөнхбаатар: Таны хэлсэн бэлчээр, устай холбоотой маргааныг Газрын багц хуулийн төсөлд тусгана гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт иргэний 19.8 хувь нь газар өмчилж авсан. Энэ нь хангалтгүй тоо учраас 0.07 га газрыг өмчлүүлэх зохицуулалттай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэг гэсэн нийтийн эдэлбэр газраас хумсалж байгаа асуудлыг шийдэж байгаа. Дүүрэг, аймгийн Засаг даргын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Газрын нэгдсэн системд өмнө нь бүртгэгддэггүй байсан. Харин үүнийг нэгдсэн бүртгэлтэй болгосноор газрыг дураараа олгодог байдлыг цэгцэлсэн.
Ажлын хэсэг: Газар өмчлөх тухай хуулийг 2003 онд баталсан бөгөөд 2018 онд шинэчилсэн. Үүнийг 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр сунгасан. 663 135 иргэн 68 091.6 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байна. Мөн насанд хүрээгүй иргэдэд газар өмчлүүлэх талаар өөрчлөлт орсон байгаа. Насан хүрээгүй 39 020 иргэн газар өмчилж авсан. Үүнээс 77 464 иргэн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор бусдад шилжүүлсэн байна. Нөгөөтээгүүр, 1004 иргэн аж ахуйн зориулалтаар газар өмчилж авсан. Бэлчээрийн газрыг нийтээр ашиглахаар зохицуулж байгаа. Өвөлжөө, хаваржааныхаа газрыг малчин өрх эзэмшиж авах эрхтэй. Тодруулбал, энэ тухайд 1 га газрыг эзэмших боломжтой.
Шалгалт хийхэд 568 мянган нэгж буюу эзэмшил газар бүртгэлгүй байсан гэв
Н.Алтанхуяг: Газар олголт, газрын хари лцаатай холбоотой асуудлыг цаашид яаж зохицуулах чигтэй байгаа вэ. Газраа тавдугаар сарын 1-нээс өмнө цахим системд бүртгүүлэхгүй бол эзэмших эрхийг нь хүчингүй болгоно гэсэн нь ямар учиртай юм бэ. Төрийн өмчийн газрууд, Б.Энхбаяр гишүүний хэлснээр 100 га буюу 100 тэрбум төгрөгийн газрыг зарсан гэсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ. Нийслэл дэх орон сууцуудын гадна талын хашааг нураах арга хэмжээ авах уу. Дүнжингарав худалдааны төвийн гаднах газрыг хурааж авчихаж болохгүй юу?
Б.Мөнхбаатар: Газрыг хэд хэдэн субъектийн чиглэлээр олгодог байсан. Тухайлбал, чөлөөт бүсийн захирагч, тухайн орон нутгийн удирдлага, тусгай хамгаалалттай газар гэх мэт. Үүнийг тухайн нэг жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн бэлчээрээ аль хэсгээрээ байлгах, аль хэсэгт газар олгох вэ гэдгийг нэгтгэн тусгах зохицуулалтыг Газрын багц хуулийн төсөлд оруулж байгаа.
А.Энхманлай (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга): Газрын долоон багц системийг бий болгосон. Нэгдүгээрт, төлөвлөлтийг системийг үүсгэснээр бүх газрыг төлөвлөлтийн дагуу олгоно. Өөрөөр хэлбэл, олон субъект бүгд нэг системээр дамжуулж газар олгох юм. Олгогдсон газрыг цахим системийн биржээр дамжуулж, дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах замаар шилжүүлнэ. Олгогдсон газар болгон кадастрын системд бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн газар болгонд үнэлгээ, татвар ногдуулна. Мөн барьж буй барилга, байгууламж, шугам сүлжээг Хот байгуулалтын цахим системд бүртгэсний дараа хаяг, дугаар олгох юм. Ингэснээр газар дээр ямар нэг хохирол учруулж байгаа, эсэхийг мониторингийн системийн дагуу шалгана. Газрын нэгдмэл системийг байгуулахаас өмнө аймаг, нийслэл, орон нутгууд тус тусдаа систем ашигладаг байсан. Нэгдсэн бүртгэлгүй байсан газрыг өнгөрсөн хугацаанд бүртгэлжүүлсэн. Ингэхэд зарим иргэдийн эзэмшиж буй газрыг шинэ системд бүртгээгүй тохиолдол гарсан. Үүнд шалгалт хийхэд 568 мянган нэгж буюу эзэмшил газар бүртгэлгүй байсан. Тиймээс 568 мянган газрын эзэн нь яаралтай ирж бүртгүүлнэ үү гэж мэдээлсэн. Бүртгэлд багтаагүй учир тухайн иргэн үйлчилгээ авч чадахгүй. Төрийн өмчийн бүх үйлдвэрийн газар, бусад газруудын газрын мэдээллийг бүртгэж, тооллого хийхээр төлөвлөсөн гэв.