Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаалттай хэлэлцэв
2022-03-17

         УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчныг хамгаалах болон Байгаль орчны үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

         Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

      Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.” гэж, “18.5-д Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, “18.6-д 3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй” гэж, “18.7-д Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно” гэсэн заалтыг нэмэхээр төсөлд тусгасан байна.

        Үндсэн хуулийн 6.2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэи” гэж заасан бөгөөд уг мэдэх эрхийг хангах хүрээнд дээрх хуулиудад өөрчлөлт оруулж буй аж.   

“Энэ хуулийг батлуулна гээд хэдэн төгрөгийн санхүүжилтийг гадаадаас авсан бэ”

       Хуралдааны үеэр гишүүд ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Ш.Адъшаа: Үндсэн хуулийн 6.2-т газрын доорх болон дээрх баялаг Монголын ард түмний өмч байна гэсэн ойлголтыг хуульчилсан. Гэтэл одоо хэлэлцэж байгаа эл хуулийн төсөлд 6.2 дахь заалттай холбоотой асуудлыг хөндөөгүй байна. Тухайлбал, ашигт малтмал нь Монголын ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялаг гэсэн ойлголтоор явж ирсэн. Гэтэл өнөөдөр улаан номд багтсан, газрын дээрх баялаг болох ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар олон жилийн турш агнаж ирсэн. Үүнийг Засгийн газрын нууц тогтоолоор баталж, гүйцэтгэдэг. Энэ асуудлыг яагаад хуулийн төсөлд тусгаагүй вэ?

Б.Бат-Эрдэнэ (Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд): Үндсэн хуулийн 6.2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор эдгээр хуулийн төслийг боловсруулсан. Саяны хэлсэнчлэн тодорхой бус байдагтай холбоо бүхий асуудлын тухайд “...төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах” гэсэн заалтыг эл нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Мөн Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасанчлан тодорхой хугацаанд багтаан мэдээллийг гаргаж өгөхөөр үүрэгжүүлэн заасан байгаа. Үүнтэй холбоотойгоор таны сая ярьсан мэдээлэл ил болно. БОАЖЯ-ннас 22 тусгай зөвшөөрөл олгодог. Үүнийг ирэх сард багтаан бүгдийг нь цахимжуулж, ил тод болгох ажлыг хийж байна. Ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээрх асуудлаар холбогдох мэдээллийг ил тод болгох зорилгоор тусгай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг танд тусгайлан бичгээр хүргүүлье.

Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. БОАЖ-ын өмнөх сайдын үед энэ хуулийн төслийг өргөн барьсан. Өргөн барьснаас хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ баталсан байдаг. Энэ өргөн барьсан хуулийн төслөөр зохицуулах гэж байгаа харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгаад баталчихсан. Тэгэхээр нэг зүйлийг хоёр дахь удаагаа хэлэлцэх үү, яасан завтай юм бэ. БОАЖЯ-наас олон улсын байгууллагын дэмжлэгтэй олон төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Тэр төсөлдөө тийм хуульд ийм зохицуулалт оруулна гээд гадаадаас мөнгө авдаг бололтой юм шиг. Энэ хуулийг батлуулна гээд хэдэн төгрөгийн санхүүжилтийг гадаадаас авсан бэ?

Хуулиудын давхардал, хийдэлд Засгийн газар анхаарах хэрэгтэй гэв

Н.Алтанхуяг: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бусад хуулиудаар баталгаажуулах ёстой. Үүний хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэж харсан. Гэтэл Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн хуулиудын давхардал, хийдэлд Засгийн газар анхаарч, болохгүй бол УИХ хянаж үзэх хэрэгтэй. Илүү ажил хиймээргүй л байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг байдал нь аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт учруулж байна. Нэг иргэн “10x10 м хэмжээтэй газар дээр байшин барих гэтэл байгаль орчны үнэлгээнд 800 мянга, бас өөр нэг үнэлгээнд нийтдээ 1.6 сая төгрөг шаардлагатай болсон” гэсэн. Энэ аваад байгаа мөнгө ямар учиртай юм бэ?

Н.Энхбадрах (БОАЖЯ-ны газрын дарга): Монгол Улсад байгаль орчны үнэлгээний эрх зүйн орчин нэлээд бүрдсэн гэж үздэг. Байгаль орчны аливаа нөөцийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа төсөл, хөтөлбөр дээр байгаль орчны үнэлгээ хийдэг. Тухайн төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг тодорхойлдог үнэлгээ. Мөн уг нөлөөллийг бууруулах чиглэлээр тухайн төсөл хэрэгжүүлэгч ямар үүрэг хүлээж, хэдий хэмжээний хөрөнгөөр хэрхэн нөхөн сэргээлт хийх гэдгийг тодорхойлдог. Таны хэлсэн 10x10 м гэдгийг би сайн ойлгохгүй байна. Ямар нэгэн төсөл байх ёстой. Тэгэж байж үнэлгээ хийнэ. Харин үнэлгээг мэргэжлийн байгууллага хийдэг. Төрийн захиргааны төв байгууллагаас үүн дээр ямар нэг хэмжээ тогтоодоггүй гэв.  

     Дараа нь Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн  58.8 хувь нь уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

       Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн хэлэлцүүлэг хаалттай горимд шилжлээ.

 

Сэтгэгдэл