Г.Занданшатар: Шаталсан татвар авах хуулийн төслийг өнөө маргаашгүй УИХ-аар хэлэлцэхгүй
2022-03-14

        УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэжшүүлэх зорилготой “УИХ ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг хийж байгаа. Үүний хүрээнд Монголбанктай хамтран өнгөрсөн баасан гарагт сургалт зохион байгуулсан бөгөөд дарга Г.Занданшатар “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өглөө.  

    Тэрбээр өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал агшдаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн тухай хөндөж, уг тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон үйлдвэржилтийн бодлого болон орлогын шаталсан татварын тогтолцоо байж болох талаар саналаа солилцсон юм. Түүний илтгэлд дурдсан онцлох мэдээллийг хүргэе.

  • Дэлхийн 147 улсаас 100 нь шаталсан татварын тогтолцоотой
  • Швед зэрэг өндөр хөгжилтэй оронд үүнийг “эв найрамдлын татвар” гэж нэрлэдэг
  • Шаталсан татвар авах хуулийн төслийг өнөө маргаашгүй УИХ-аар хэлэлцэхгүй. Нийгмийн ойлголтыг нэгтгэж, судалгаа шинжилгээ сайтар хийх хэрэгтэй
  • Электрон тамхинаас татвар авах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ   
  • Манай улсын хувьд автомашины, архи, тамхины онцгой, үл хөдлөх хөрөнгийн, элсэн чихрийн татвар авах боломжтой.
  • Хөдөлгүүрийн багтаамж, насжилт, үнийн дүнгээс хамаарч автомашины татвар ногдуулна
  • Иргэний 2, 3 дахь орон сууцнаас болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс хамаарч үл хөдлөх хөрөнгийн татвар авах боломжтой
  • Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй элсэн чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүний татварын хэмжээг нэмэх хувилбар ч байж болно
  • Хэрэв гурван сая төгрөгийн цалинтай бол 2.5 сая төгрөгт нь 10 хувь (Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу одоо хэрэгжиж байгаа хувь хэмжээ)-ийн татвар ногдуулна. Шаталсан татварын хэмжээг нь таван хувиар тогтоосон гэж үзвэл илүү гарч байгаа 500 мянган төгрөгөөс нь таван хувийн татвар авна гэсэн үг. Үндсэндээ тухайн хүний төлдөг татвар нь 25 мянган төгрөгөөр л нэмэгдэнэ.   

 

       УИХ-ын дарга Г.Занданшатар хичээлийнхээ төгсгөлд “Орлогын шаталсан татвар гэдэгт татварын асуудлыг бүхэлд нь хамааруулан ойлгох боломжгүй. Хөдөлмөрлөж олсон орлого бус, мөнгө хүүлэлт буюу шударга бусаар олсон орлогын татвар, тансаг хэрэглээний татвар, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бүтээгдэхүүнд бий болгох татвар зэрэг тогтолцоо байж болно” гэдгийг онцлон тэмдэглэсэн.  

    Дараа нь шаталсан татварын тогтолцоонд шилжих нь зүйтэй, эсэх асуудлаар эдийн засагч, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан юм. Эдийн засагчдын байр суурийг хүргэе.

 

“Цалингаас шаталсан татвар авбал нийгмийн өндөр орлоготой хэсгээс бага орлоготойд нь хуваарилдаг зарчим л хэрэгжинэ”  

Ж.Дэлгэрсайхан (эдийн засагч, судлаач): Өндөр орлоготой иргэдэд илүү татвар ногдуулах нь төсвийн орлогыг дэмжих сайн талтай ч эдийн засгийн өсөлтийг “хойш нь татах” нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Мөн өндөр орлоготой иргэдийн хөдөлмөрлөх, бүтээх гэсэн хүсэл эрмэлзлэлд сөргөөр нөлөөлөх үү гэдэгт анхаарах шаардлагатай. Хувь хүний орлогын, тэр дундаа цалин хөлсний орлогод шаталсан татвар ногдуулах нь манай улсын хувьд хараахан эрт байх болов уу. Харин бусад орлогод нь шаталсан татвар ногдуулах ёстой. Хамгийн гол нь татварт “баригддаггүй”, далд орлогуудыг нээн илрүүлэх, тэдгээрийг илрүүлэх зорилгоор шаталсан татвар авах нь зөв байж болзошгүй. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээг хийх шаардлагатай. Дундаж давхаргыг бий болгох ёстой бөгөөд дэмжих нь зүйтэй. Гэтэл манай улсад дундаж давхарга байгаа юу гэдэг асуулт урган гарна. Дундаж давхарга нийгмийн олонхыг эзэлж чадсан уу гэдэг ойлголт бий. Монгол Улсын орлогын хуваарилалтын өнөөгийн байдлаас шалтгаалаад эдийн засгийн хэт пирамид хэлбэртэй бүтэц үүссэн нөхцөл байгаа. Тиймээс татварыг Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн орчинтой уялдуулан шийдвэрлэх нь чухал. Нэгдүгээрт, татварын бааз, суурийг нэмэх чиглэлд анхаараасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, татвар нь шударга бөгөөд эдийн засгийн урагшлах хүчийг хойш нь чангаахгүй байх ёстой. Нийгмийн эв санааны нэгдлийг бий болгох боломжтой. Гэвч үүнд нэг анхаарах чухал зүйл нь хэт халамжийн бодлого барьчихсан өнөөгийн нөхцөл байдал. Хэрэв цалингаас шаталсан татвар авах юм бол нийгмийн их орлоготой хэсгээс бага орлоготойд нь хуваарилдаг ийм л зарчим бий болно. Харин шударга ёсны зарчмыг суулгах юм бол үүнтэй хэн ч маргахгүй. Өндөр хөгжилтэй Норвеги, скандинавын хойгийн орнууд, Японд шаталсан татвар авдаг нь үнэн. Манай улсад ч 1990-ээд онд 4-5 шатлалтай татвар авдаг байсан. Үүнийг багасгасаар байгаад 2007 онд татварын дөрвөн 10-ын зарчимд шилжсэн. Татварын дөрвөн 10-ын зарчмыг хэрэгжүүлснээр эдийн засагт нэлээд эерэг нөлөөлсөн үр дагавар харагддаг. Бусад орнуудын түүхийг харвал хүн амын дундаж орлогын түвшин, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өндөр түвшинд хүрсний дараа шаталсан татварын тогтолцоонд шилжсэн байдаг. Хэрэв манай улсад шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа бол хүн амын орлогын шатлалыг маш зөв тогтоох ёстой.    

 

“Банкны хадгаламжийн хүүнд шаталсан татвар ногдуулах хэрэгтэй”

 

Д.Ангар (эдийн засагч, судлаач): Шаталсан татварын тогтолцоог би дэмждэг. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шаталсан татварын тогтолцоог санаачилж, УИХ-аар баталсан байдаг. Тухайн үед нийгмийн маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Улс гэж байгаа бол шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Үүнээс зугатах аргагүй. Манай улсын төсвийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай бол шаталсан татвар авна гэх Г.Занданшатар даргын байр суурь нийгэмд маш их шүүмжлэл дагуулж байна. Шаталсан татварын тогтолцоонд шилжих цаг нь болсон. Гэхдээ аль төрлийн татвараас эхлэх вэ гэдэг нь чухал. 2.5 саяас дээш төгрөгийн цалинд шаталсан татвар ногдуулбал нийгэмд маш том эсэргүүцэл бий болно. Хамгийн гол нь таван сая төгрөгийн цалингаас шаталсан татвар авна гэхээр таван сая төгрөгийн цалинтай нь биш, түүнээс доош хэмжээний орлоготой нь эсэргүүцэл илэрхийлдэг юм билээ. Эхлээд банкны хадгаламжийн хүүнд шаталсан татвар ногдуулах хэрэгтэй. Мөнгө хүүлэлт Монголд бодитой байгааг УИХ-ын дарга хөндөж байна. Банканд хоёр, таван тэрбум төгрөг хадгалуулж, зөвхөн хүүгээр нь “амьдардаг” хэсэг бүлэг бий болсон. Хүүгийн орлогоос нэг сард 20, 30 сая төгрөг авдаг ч хүмүүс байна. Таван сая бол манай улсын хувьд өндөр цалинд тооцогдоно. Гэхдээ тухайн хүн хамт олон, бизнесийн хувьд маш том хариуцлага хүлээж, ачаалал үүрч ажилласны эцэст ийм хэмжээний цалин авдаг. Гэтэл хуруу хумсаа ч хөдөлгөхгүйгээр хэдэн арван сая төгрөгийг хүүгийн орлогоос аваад суудаг хүн бий. Энэ бол шударга ёсны зарчим алдагдахын нэг цондон.    

Дэлхийн улс орнуудын орлогын шаталсан татварын хэмжээ. (УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлээс)

Дэлхийн улс орнуудын тансаг хэрэглээний татварын хэмжээ. (УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлээс)

Сэтгэгдэл