“Шүүх хуралдааныг бизнесийн зорилгоор хойшлуулж, удаашруулдаг бүлэг этгээд бий болсон”
2022-03-10

         Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, гишүүдэд УИХ-ын гишүүн Ц.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар ажиллаж байгаа.

       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дээрх хуулийн төслийн талаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Монголын хуульчдын холбооны удирдлага болон салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  үүнд оролцов. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ямар асуулт тавьж, байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.  

Ч.Ундрам: Миний бие Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн шалгалт, их, дээд сургуулийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн талаар зохицуулалт тусгах учраас Дээд боловсролын тухай хуулийн төсөлтэй сайн уялдуулах шаардлагатай. Төслийн зургадугаар зүйлд хуульчийн мэргэжлийн шалгалт, долдугаар зүйлд шалгалтыг зохион байгуулах комиссын талаар заалт тусгажээ. Шалгалтын комиссыг хараат бус байлгах, тодорхой шалгалтын арга техник, технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр комиссын тал хувийг нь бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн яагаад зөвхөн бакалаврын түвшинд хуульчийг бэлтгэх ёстой вэ. Ахисан түвшинд бэлтгэх боломжгүй юу. Салбар дундын мэдлэг, ойлголт маш чухал байна. Үүнээс гадна эрхзүйчээр суралцаагүй ч хувиараа өөрийгөө маш сайн бэлтгээд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдол АНУ-д байдаг. Яагаад заавал таван жилийн турш суралцах ёстой вэ. Хуулийн төслийн 29 дүгээр зүйлд эрх зүйн бакалаврын сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг тусгажээ. Ингэхдээ Дээд боловсролын тухай хуульд заасан багц цагийн хүрээнд судлах ерөнхий суурь хичээлээс гадна хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах юм байна. Дээд боловсролын тухай хуулийн төслөөр бол аливаа хөтөлбөрийг хөтөлбөрийн хороо боловсруулна гэж заасан. Тус хороонд мэргэжлийн холбоодын төлөөллийг тэнцвэртэй оруулна гэж байгаа.

П.Сайнзориг: Ёс зүйтэй, чадварлаг хуульчийг бэлтгэхгүйгээр хүний эрхийг хамгаалах сайн тогтолцоо, механизм, хууль дээдлэх ёс, шударга ёсыг төлөвшүүлэхэд маш хэцүү. Тиймээс үеийн үед боловсролын энэ салбар зохицуулалттай байж ирсэн. Монголын хуульчдын холбоо нь төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо буюу өөрийнх нь удирдлагын байгууллагад шилжүүлсэн хамгийн сайн жишиг болсон болов уу. Энэ хуулийн төсөл нь зөвхөн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах, Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй 6000 орчим хуульчтай холбоотой асуудал биш. Харин Үндсэн хуульд заасан хуульч ёсыг хэрхэн төлөвшүүлэх вэ, хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг яаж хангах уу гэдэгтэй холбоотой зүйл. Чанартай, ёс зүйтэй хуульчийг бэлтгэхгүйгээр хүний эрхийг хангах боломжгүй. Өнөөдөр 100 айл дээрх тоглоом шоглоомын үгс манай салбарт нэвччихсэн. Шүүх хуралдааныг хойшлуулдаг өмгөөлөгч нар бий болсон гэх. Шүүх, хуулийн тогтолцоог бизнесийн эрх ашгийн зорилгоор гажуудуулж, удаашруулах процессыг санаатайгаар хийдэг бүлэг этгээд “төрсөн”. Түүнчлэн “би чадна” гэж аашилдаг хүмүүс олон болсон. Шүүх хуралдаанд оролцохдоо мэтгэлцэх чадваргүй атлаа чанга дуугаар ярьж байгаагаа сайн зүйл, хууль зүйн туслалцаа үзүүлж байна гэж ойлгодог хуульч нар төрөн гарсан байна. Үүнийг ярих, хөндөх цаг нь болсон. Цахим шилжилтэд хуульч нар оролцох ёстой. Мөн эрх зүйн шинэчлэлийг Засгийн газраас санаачлан, хэрэгжүүлж байгаа. Тиймээс уг хуулийг шинэчлэх заалшгүй шаардлагатай. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэг асуудал нь хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулж, эдийн засаг, бизнесийн чиглэлийн хуульч бэлтгэх тогтолцоонд анхаарах тухай юм. Өмгөөллийн тухай хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуульд нь Монголын хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийн давхардлыг арилгаж, төлбөр хураамжийг хуульчдад давхар ногдуулахгүй байх, үйл ажиллагааг нь уялдуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийхэд Засгийн газар анхаарч байгаа.

Э.Энхцэцэг (Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчныг тодорхойлох бодлогын судалгааны талаар танилцуулав. Уг судалгааг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Фиделитас партнерс” хуулийн нөхөрлөл хийж гүйцэтгэжээ): 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Монголын хуульчдын холбоо ямар бүтэц, зохион байгуулалттай байгаа вэ, удирдлагыг нь хэрхэн сонгож байна вэ, хуульчдын хуралдаа яаж оролцдог вэ гэдэгт дүгнэлт хийж, гадаадын улсуудад энэ чиглэлийн байгууллага нь хэрхэн ажилладаг талаар харьцуулж судалсан. АНУ-ын үндсэн болон Нью Йорк муж улсын Хуульчдын холбоо, Япон, Австрали, ОХУ, пост социалист орнуудын энэ чиглэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын туршлагыг харьцууллаа. Ерөнхий дүгнэлтийг танилцуулъя. Хуульчдын холбооны гишүүнчлэлийн асуудлыг үндсэн хоёр төрөлд авч үзэхээр байна. Нэгдүгээрт, АНУ, Австрали, Беларусь зэрэг улсад Хуульчдын холбоо нь сайн дурын үндсэн дээр гишүүнээр бүртгэдэг. Япон, Монгол Улсын хувьд заавал гишүүнчлэлтэй. Гишүүдийн төрлийг бас тодорхойлсон. Холбооны үйл ажиллагаанд оролцдог байдал, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэл, шүүгч, прокурор, хуульч, идэвхтэн гишүүд, компанийн хуульчид, хуулийн оюутан гэдэг ангиллыг ч бий болгочихсон байна. Эдгээр төрөлд үндэслэн гишүүнчлэлийн хураамжийг ялгавартай тогтоосон бөгөөд эрх, үүргийг ч өөрөөр тодорхойлсон байдаг аж. Тухайлбал, сонгуульт албан тушаалд нэр дэвших, хуралд оролцох, санал өгөх эрхтэй эсэх гэх мэт.  

       Холбооны бүтэц, зохион байгуулалтыг харвал ерөнхийдөө гурван түвшинтэй. Нэгдүгээрт, их хурал буюу нийт хуульчийн эрх, ашгийг төлөөлсөн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Хоёрдугаарт, холбооны үйл ажиллагааг хариуцдаг Удирдах зөвлөл. Гуравдугаарт, Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу байгуулдаг хороод, хэсэг.

Дээрх судалгааны дүгнэлтэд тулгаарлан хуулийн төслийн долдугаар бүлэгт чиглэсэн, есөн саналыг гаргасан байна. Үүнд

  • Хуулийн төслийн 31 дүгээр зүйлд Хуульчдын холбооны чиг үүргийг тусгасан байна. Үүнд дээр хуульчдын үйл ажиллагааны ёс зүйн хариуцлагын асуудлыг нэмэж оруулах нь зүйтэй. Мөн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн хамгаалахтай холбоотой харилцаанд тодорхой зохицуулалт тусгах хэрэгтэй.
  • Хуулийн төслийн 31.2, 31.3 дугаар хэсэг буюу холбооны бүтэц, зохион байгуулалттай холбоотой зохицуулалттай холбоотой санал. Холбооны мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагын хороог чиг үүргийн буюу байнгын үйл ажиллагаатай болгож зохицуулах нь зүйтэй.
  • Хуульчдын холбооны нэгж, хороог байгуулах, татан буулгах эрхийг хэн эдлэх вэ гэсэн зохицуулалтыг илүү тодорхой болгох хэрэгтэй.
  • Их хуралд тэгшитгэсэн байдлаар 200 төлөөлөгчийг оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнд шүүмжлэлтэй тал бий. Хуульчдын холбооны гишүүнчлэл жил бүр нэмэгдэж байгаа. Гишүүнчлэл нэмэгдсээр байхад 200 гэсэн тоог хуульчлах нь хэр зохимжтэй вэ. Бусад улсад холбооны их хуралдаа нийт гишүүдээ оролцуулж байна.
  • Холбооны их хурлын хуралдах болон бүрэн эрхийн хугацаа, Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил болгохоор төсөлд тусгажээ.  Бусад улсад их хурлын хуралдах давтамж нь хамгийн хурдандаа жилд 2-оос доошгүй байна. Зарим улсад гурван жилд нэг удаа хуралдаж байна. Одоогийн хуулиар их хурал нь хоёр жилд нэг удаа хуралддаг. Үүнийг өөрчлөх болсон шаардлага нь юу вэ. Давтамжийг бага болгох нь олон талын ач холбогдолтой.
  • Холбооны Хяналтын хорооны бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байх бөгөөд таван гишүүнтэй гэж төсөлд заасан. Хяналтын хороо нь Хуульчдын холбооны үйл ажиллагаанд дагнасан байдлаар хяналт тавьдаг. Тэгэхээр Хяналтын хорооны гишүүнээр сонгогдож байгаа этгээдэд тавигдах ерөнхий шаардлагын талаар тусгах шаардлагатай.  

    Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,  “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч зэрэг бүх төлөөллийн эрх ашгийн тэнцвэр, тэнцлийг хангахад анхаарах шаардлагатай” гэсэн бол гишүүн Ц.Мөнх-Оргил “төслийн 4.1.2.-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг” гэж тусгасан нь хуульч гэж хэн бэ гэдэг үндсэн асуудал бүрхэг байгааг  тодотгоод  энэ хууль хэнд үйлчлэх вэ гэдэг асуудлаа бүрэн цэгцлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлэв.

       Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлд эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад дипломын зэрэг олгоно гэж тусгасан нь олон хүний мэргэжлийн хөрвөх чадварыг хаах нөхцөл бүрдэх вий гэдгийг ажлын хэсгийнхэнд анхааруулав.

 

Сэтгэгдэл