Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2021 оны аравдугаар сарын 29-нд баталсан. Уг хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, тус салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг хамгаалах, судалж ашиглах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Хууль нь есөн бүлэг, 31 зүйлтэй.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг энэ оны эхнээс дагаж мөрдсөн бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгож, сортын нөхөн үржихүйн үе шатаас хамааруулан цөм үр, торгон үр, баталгаажсан үр гэсэн ангилалтай байх аж.
Үр үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх бөгөөд зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг таримлын төрлөөс хамааруулан ХХААХҮЯ тогтооно. Ингэхдээ үрийн тариалан эрхлэх болон тухайн таримал ургамлын онцлогт тохирсон техник, агуулах эсвэл талбайтай, мэргэшсэн агрономчтой байх нийтлэг шаардлагыг хангах ёстой.
Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэдэг байх зохицуулалтыг хуульд тусгажээ. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж, акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг шинээр нэмсэн байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох стандартын шаардлага хангасан үрийг худалдах бөгөөд түүний сав, баглаа боодол, бичиг баримтад сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан, эсэх талаар тодорхой тусгасан байх шаардлагыг хангах ёстой. Үрийг импортлох, экспортлоход холбогдох стандартын шаардлагыг хангасан, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичигтэй байх, сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх зэргийг шаардаж буй аж.
Монгол Улс үрийн улсын болон үрийн технологийн нөөцтэй байх бөгөөд үрийн улсын нөөцийг Нөөцийн тухай хуулиар зохицуулна. Харин тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дутагдах үрийн хэрэгцээг хангах, үр шинэчлэх зориулалттай үрийн технологийн нөөцийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар тусгасан. Үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ.
Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний бүртгэлийг хөтөлж албан ёсны цахим хуудсандаа байршуулах бөгөөд сортын үндэсний бүртгэл нь ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул, хамгаалагдсан гэсэн ангилалтай байна.
Сортын бүтээгчийн эрх олгох, хамгаалах зохицуулалтыг хуульд шинээр тусгажээ. Сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортын материалыг ашиглан үр үйлдвэрлэх, худалдах, экспортлох, импортлох зэрэг үйл ажиллагаанд хамгаалагдсан сортын материалыг ашиглахдаа бүтээгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай. Мөн сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байхаар зохицуулсан аж. Харин өөр сорт гаргаж авах туршилт хийх зэрэг ашгийн бус үйл ажиллагаанд сортын бүтээгчийг хамаарахгүй байхаар хуульчилсан.
Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах, таримал ургамлын шинэ сорт бүтээх селекцийн ажилд ашиглах зорилгоор таримал ургамлын генетик нөөцийн санг байгуулна. Тус сан нь Монгол Улсад селекцийн аргаар гаргасан сорт болон нутгийн уугуул сорт, тэдгээрийн зэрлэг удам, эрлийз, гадаадын сортын генетик материалаас бүрдэх бөгөөд төрийн мэдэлд байна. Сангийн үйл хэвийн ажиллагааг төрийн үйлчилгээний эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгжүүлэх бөгөөд генетик нөөцийн санг баяжуулах, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлон бүртгэх, хадгалж хамгаалах, судалж ашиглах болон харилцан солилцохтой холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм.
Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, таримал ургамлын үр, сортын бодлогын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг ХХААХҮЯ, үрийн технологийн нөөц бүрдүүлэх, ургамлын шинэ сортыг сорих, турших, бүртгэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар тариалангийн нэгж, сум, дүүрэгт таримал ургамлын үр сорт, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн асуудал хариуцсан албан хаагч, тариалангийн бүс дэх сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв хариуцан гүйцэтгэхээр хуульчилсан.
Эх сурвалж: parliament.mn