Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд манай улс 2020 оны байдлаар 205 011 төрийн албан хаагчтай аж (эндээс үзнэ үү). Өнгөрсөн онд уг тоо хэдээр нэмэгдсэнийг Төрийн албаны зөвлөлөөс удахгүй мэдээлнэ. 1995 онд манай улс 141 мянга гаруй төрийн албан хаагчтай байсан бол 2005 онд хамгийн доод хэмжээндээ буюу 120 мянга болтлоо буурчээ. Түүнээс хойш жилд дунджаар 2000-5000-аар өссөн байна. Түүнчлэн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын ажилтнуудын тоог үүнд багтаадаггүй. Төрийн өмчит, өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдэд 54 291 хүн ажиллаж байгааг Төрийн албаны зөвлөлөөс саяхан мэдээлсэн.
Манай улсын 1.2 сая иргэн ажил эрхэлдэг гэж үзвэл 4-5 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч, эсвэл төрийн өмчийн, өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг гэсэн үг. Төрийн албан хаагчдын тоог багасгах, бүтэц, орон тоог нь цөөрүүлэх, цомхотгох зорилгыг эрх баригчид мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байдаг. Түүнчлэн цахим шилжилтийг эрчимжүүлж, төрийн данхар албыг багасгах тухай ч дэвшүүлсэн билээ. Төрийн зарим байгууллагад хэчнээн хүн ажилладаг талаарх статистик мэдээллийг хүргэе. (Зарим байгууллага нь орон нутагт салбартай учир албан хаагчдын тоо нь эрс их байгааг анхаарна уу)