Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл санаачилжээ
2022-03-07

      УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын санаачилгаар мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулжээ. Тус зөвлөлд харилцаа холбооны операторууд болох “Мобиком корпорац” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “ЖиМобайл” ХХК, “Ай Эн мобайл нэтворк” ХХК-иас гадна Монгол Вайлли төслийн санаачлагч “Инфинит сольюшнс” ХХК, Аэросити төслийн санаачлагч “Моoдун аэросити девелопмент” ХХК, “Моодун хаан” групп ХХК, Сиркл парк төслийн санаачлагч “Би Ар Би” ХХК болон мэдээллийн технологийн тэргүүлэх компаниудаас “Ай Си Ти” групп ХК,  Ард экс” ХХК “М Банк” ХК, “Хиппо картс” апликейшн, “Ворлд плас ” ХХК, “Эрксис инк”, “Их Бит” ХХК, “Икс мета” ХХК, “Монгол ТВ” ХХК-ийн төлөөлөл багтсан байна. Мөн салбарын мэргэжлийн холбоодоос “Стартап маркетинг спейс”, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо”, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын электрон спортын холбоо” зэрэг байгууллагын удирдлага зөвлөлийн бүрэлдэхүүнд багтжээ. 

      Зөвлөлийн гишүүн байгууллагууд Монгол Улсад цахим шилжилтийг идэвхжүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэх, салбарын хууль тогтоомжийг боловсруулахад өөрсдийн дуу хоолойг хүргэх, хэрэгжилтийг нь хангах, мэдээллийн технологийн салбарт нэгдсэн нэг бодлоготойгоор хамтран ажиллах аж. 

       Анхдугаар уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал УИХ-аас баталсан цахим шилжилтийн багц хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

       Төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдгаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндлөө. Мөн төр, хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч сануулав.

     УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Цогтбаатар нарын санаачлан боловсруулж буй Мэдээллийн технологийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн талаар оролцогчид ярилцсан юм.


   Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад уг хуулийн төсөл чухал ач холбогдолтой бөгөөд гаднын хөрөнгө оруулалттай технологийн компани, үйлдвэрүүдийг Монгол Улсад оруулж ирэх тал дээр анхаарч, татварын таатай орчныг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад төрөөс цогц дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар оролцогчид байр сууриа илэрхийлж байлаа. 
Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүд гаднын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой болсныг онцлоод, төрөөс үзүүлэх дэмжлэг шаардлагатай гэлээ.
Цаашид зөвлөлийн дэргэд үйл ажиллагааг нь дэмжих, зохицуулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг ажиллах гэнэ.

Сэтгэгдэл