АН: Хөгжлийн банкны асуудлыг дуулиан төдий өнгөрүүлэхгүйн төлөө тууштай ажиллана
2022-03-04

       УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанаас “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах шаардлага” сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын удирдлагаас гадна 60 гаруй иргэн оролцов. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн банк маш том луйврын систем болжээ. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг парламент дахь  сөрөг хүчний хувьд ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдрах нөхцөлийг дээшлүүлж болохуйц томоохон хэмжээний бүтээн байгуулалт, улс орны хөгжин дэвших боломжийг үгүй хийсэн Хөгжлийн банкны асуудлыг дуулиан, шуугиан төдий болгож өнгөрүүлэхгүйн төлөө тууштай ажиллах болно” гэлээ.

      Мөн тэрбээр 'Хөгжлийн банк нь 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү  нь буюу 1.7 их наяд төгрөг нь муу зээлийн ангилалд шилжсэн. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 25 жилд байгаагүйгээр буюу 5.3 хувийн уналттай гарсан бол 2021 онд ердөө 1.3 хувиар өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг "шок"-ийн байдалд байгаагийн нотолгоо. Тээвэр логистикийн гацаа, шатахууны үнэ чөлөөлсөнтэй холбоотой инфляци огцом өссөн хүнд үед Хөгжлийн банкны асуудлыг хуулийн дагуу шийдэж дуустал хараа хяналтаасаа гаргахгүйн тулд энэ асуудлаар УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй" гэж үзээд, санаачилга гарган ажиллаж байгаагаа энэ үеэр тэмдэглэсэн. Хуульд зааснаар УИХ-ын 19 ба түүнээс дээш гишүүн санал гаргасан тохиолдолд хянан шалгах түр хороо байгуулах боломж бүрдэнэ. 

 

       “Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2021 оны үйл ажиллагааны судалгаа”, “Парламентын мөрдөн шалгах ажиллагаа: Хяналт шалгалтын түр хороо” сэдэвт илтгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат нар тавьж, түр хороо байгуулснаар үүсэх давуу тал, боломж, хэрхэн ажилладаг туршлагын талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Ардчилал өндөр хөгжсөн орны парламент, хянан шалгах түр хороо байгуулах замаар баримт цуглуулан, буруутай нь тогтоогдсон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх замаар баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангадаг сайн жишгийн талаар мөн тайлбарласан юм. 

 

        Хэлэлцүүлэгт оролцсон  Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Зундуйдаваа “Хөгжлийн банкны зээлийг бидний "халаас"-наас төлөхийг эрс эсэргүүцэж байна. Иймд УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжихийг тойргоос сонгогдсон гишүүдээсээ шаардацгаая” хэмээв. Мөн Хан-Уул дүүргийн иргэн Н.Цэрэнбат “Хөгжлийн банкны зээлийг Ардчилсан намын үед "идсэн" гэж сурталчлаад байгаа. Үнэн хэрэгтээ хуулийг нь өөрчлөөд МАН өөрсдөө "завшсан" байна гэдэг бодит мэдээллийг өнөөдрийн хэлэлцүүлгээс олж авлаа. Ийм мэдээллийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэх хэрэгтэй” гэсэн юм.

 

       Хэлэлцүүлгийн төгсгөлд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын, АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бүлгийн дарга Д.Ганбатад гардуулан өглөө.

 

 

Сэтгэгдэл