“Улс төрийн нам эрх зүйн шинэтгэл” нэртэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнийг амилуулх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 02 дугаар тогтоол баталсан. Энэхүү тогтоолын дагуу 31 хууль батлах ёстой. Өнөөдрийн байдлаар үүнээс 14 хуулийг шинэчлэн баталсан бол хоёр хууль хэлэлцүүлгийн шатанд байна. Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг. Бидний зорьж тэмүүлж байгаа эдийн засгаа хөгжүүлэх, эрүүл нийгмийг бий болгох, хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чин эрмэлзлэлийг үр дүнд хүргэх нэг чухал зүйл нь улс төрийн намын шинэтгэл. Монголчууд төрт ёсоо дээдэлж, төрийн сүлбэндээ залбирдаг ард түмэн. Тиймээс төрдөө итгэх ард түмний итгэл үнэмшлийг хадгалан бэхжүүлэхийн тулд улс төрийн намын эрх зүйн дорвитой шинэтгэл хийхэд зайлшгүй чухал болсон гэдэгт төр засаг, түмэн олон, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид санал нэгдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлд улс төрийн намын шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг тусгасан. Энэхүү үзэл баримтлал нь улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээний бодлого дэвшүүлж, үйл ажиллагаа явуулдаг, намуудын санхүүжилт ил тод, ард түмэнд нээлттэй байх гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурласан” гэв.
Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл хийх гурван гол нөхцөлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ. Үүнд
Дээрх үндсэн гурван шалтгаан нь Улс төрийн намын, үүний санхүүжилтийн тухай хуулийг ард нийт, улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батлах зүй ёсны шаардлагыг бий болгож байгааг дарга Г.Занданшатар эцэст нь тодотголоо.
Улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалж буй юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Түүний илтгэлийн онцлох хэсгээс хүргэе.
Ц.Мөнхцэцэг: Дэлхийн дахинд улс төрийн намын хөгжлийн гурван үндсэн загвар байна. Америк маягийн, Европын, Ази, Африк, Латин Америкийн орнуудын гэсэн загвар бий. Америк маягийн загвар нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад байдаг. Улс төрийн намуудын төлөвшил харьцангуй сул, төрийн тогтолцоонд Ерөнхийлөгч хэмээх хүний хүчин зүйл хамгийн онцгой үүрэгтэй байдаг. Тиймээс намууд нь зөвхөн сонгуулийн үед идэвхжин ажилладаг, бусад цагт үйл ажиллагаагаа парламент дахь бүлэгтээ чиглүүлдэг. Эдгээр намыг онолын хувьд кадрын нам буюу боловсон хүчний нам гэж нэрлэдэг. Төрөөс улс төрийн намыг дэмжих нь сул, санхүүжилтээ хувийн хандиваар босгодог онцлогтой.
Хоёрдугаар загвар нь Европын улсуудын намын тогтолцоо. Европын улсууд нь парламентын засаглалын өлгий нутаг гэж нэрлэгддэг. Хуучин баруун Европын сонгодог парламентын тогтолцооноос гадна зүүн Европын, шинээр ардчилалд шилжсэн орнууд парламентын засаглалтай. Тэр утгаараа парламентын засаглалын үед төрийн бодлого боловсруулах гол институт нь улс төрийн нам болдог. Тиймээс намын тогтолцоо, намыг дэмжих эрх зүйн орчин, намаас иргэдтэй холбогдох харилцаа нь нэлээд өндөр түвшинд хөгжсөн, байнгын үйл ажиллагаатай, гишүүнчлэл сайтай, иргэдийн улс төрийн боловсролд чиглэсэн ажлыг сайн хийдэг байна. Эдгээр нам нь зүүний, зүүн төвийн, барууны гэсэн үзэл баримтлалаас үл хамааран европ маягийн намын загварт багтдаг. Сүүлийн үед зүүн Европын, Итали зэрэгт тодорхой нэг асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг шинэ хэв маягийн намууд бий болж байгаа.
Гуравдугаар хэв маяг нь Латин Америк, Ази, тэр дундаа зүүн өмнөд Ази, Африкийн улсуудын намын бүтэц. Өргөн хүрээтэй, маш олон гишүүнчлэлтэй, массын гэж нэрлэгддэг, сонгуулийн, улс төрийн үйл ажиллагаа нь баяр ёслолын шинжтэй, олон хүнийг үүндээ хамруулдаг, бэлгэдлийн улс төр маш хүчтэй явагддаг. Намын тогтолцооны хэв маяг нь тухайн намыг үүсгэн байгуулсан ганц хүн, бизнесмений нөлөөнд байдаг, ихэнхдээ нэг хүний хэлбэрийн удирдлагатай, санхүүжилтийн хувьд нэлээд “асуудалтай”.
Дээрх гурваас Европ маягийн намын загвар нь илүү ээлтэй байна. Засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх, намуудыг бэхжүүлэх, бодлогын өрсөлдөөн гаргах зэрэг олон асуудлаар Европ маягийн намын тогтолцоо яахын аргагүй сайн хувилбар. Европын намуудын санхүүжилтийн 60 хувь нь төрийн дэмжлэг, үлдсэн нь гишүүдийн бага дүнтэй татвараас бүрддэг. Хувийн, аж ахуйн нэгжээс бага хэмжээний хандив өгөхийг зөвшөөрнө.