Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг өргөжүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгосон. Сайдыг нь томилох хүртэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус яамыг түр хариуцаж ажиллаж байгаа. Мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Б.Болор-Эрдэнэ түр орлон гүйцэтгэж буй.
Төрийн албаны тухай хуульд зааснаар бол төрийн захиргааны удирдах албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд ЗГХЭГ-аас тус албан тушаалд шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой. Уг захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, материал хүлээн аван, хоёр шатны шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсныг нь нэр дэвшүүлэн томилуулах ажлыг Төрийн албаны зөвлөл хариуцдаг.
Тэгвэл ЗГХЭГ-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэг газар, нэг хэлтсийн даргыг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тодруулбал, Тус яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтэс, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргыг сонгон шалгаруулах захиалга өгсөн байна. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг нь нээлттэй зарлаж, материалыг өдгөө хүлээн авч буй аж.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь зургаан газар, найман хэлтэстэйгээр буюу нийт 87 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зургаан газар, найман хэлтсийн дарга буюу нийт 15 удирдах орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ЗГХЭГ-аас Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой. Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тэргүүн түшмэл бөгөөд төрийн албанд 16, түүнээс эрхэлсэн түшмэлээр найман жил ажилласан байх шаардлагыг хангах хуультай. Харин газрын болон хэлтсийн дарга нь эрхэлсэн түшмэл бөгөөд төрийн албанд 12, үүнээс ахлах түшмэлээр дөрвөөс доошгүй жил ажилласан хүнийг томилох ёстой юм.