Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтын дүнг нууцаас гаргах хүсэлтийг Ерөнхий сайдад тавив
2022-03-02

       УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа буюу 2016 онд Хөгжлийн банкны хяналт шалгалтын ажлын хэсгийг ахалж байсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар тухайн үед хаалттай хэлэлцсэн аж. Тэгвэл үүнийг нууцаас гаргах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан байна. 
         Гишүүн Б.Энхбаярын хүсэлтэд "Миний бие 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдон, Засгийн газраас 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулсан , Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсанаас хойш хугацаанд уг банканд татан төвлөрүүлсэн санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, төслийн санхүүжилтийн зарцуулалт болон хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг хяналт шалгалтын дүнгээ 2016 оны есдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, арванхоёрдугаар сарын 14-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлж байлаа. Уг дүгнэлтийг тухайн үед Хөгжлийн банк болон Монгол Улсын санхүү, төсөв, зээлийн бодлогод эрсдэл учирч болзошгүй үндэслэлээр Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж, нууцад хамааруулсан байдаг. Уг дүгнэлт нь одоо нууцад байх ач холбогдлоо алдсан буюу нууцлаад байх шаардлагагүй болсон, нөгөөтээгүүр, уг дүгнэлтэд хөндөгдсөн асуудлаар байр сууриа илэрхийлэхэд одоо ч хууль зүйн хариуцлага хүлээхээр байгаа тул эрх хязгаарлагдаж байна" гэжээ.

Сэтгэгдэл