Цаг үеийн асуудалтай холбогдуулан Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр "Манай улс нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь ОХУ-аас импортолдог. Энэ гарц эрсдэлтэй болно гэсэн үг. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад, бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын Төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар “урсдаг” бол зогсох эрсдэлд орно. Гэхдээ ОХУ-ын зарим банкны тус системээр явуулах гүйлгээг хаагаагүй гэсэн мэдээлэл ч байна. АНУ-ын талаас эрчим хүч, нефттэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэж мэдэгдсэн учраас манай улсын хувьд гарц гаргалгаа бий гэж харж байгаа. Өнөөдөр үдээс хойш болох Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг нарийн ярьж, дараагийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Зүүн Европоос ОХУ-аар дамжуулан Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Үүнд тодорхой хэмжээний эрсдэл үүсэж магадгүй. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл үгүй” гэв.
Мөн “Монгол Улс хоёр том гүрний дунд байдаг. Гуравдагч хөрш, Европтой худалдаа явуулахын тулд ОХУ-ын нутгаар тээвэр, логистикоо явуулна. БНХАУ ч мөн адил. Гэтэл нэг гарцан дээр нь дайн байлдаан үргэлжилж буй учраас түүгээр дамжуулан импортлодог бараа бүтээгдэхүүнд эрсдэл үүсэж болзошгүй”-г Б.Лхагвасүрэн захирал тодотгосон.