УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцан, дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар багтсан юм.
20 хоногийн хугацаанд ажилласан тэд явцын талаарх урьдчилсан мэдээллийг лхагва гарагт танилцуулахдаа "Хөгжлийн банк 2012 оноос хойш нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсон гэсэн үг. Нийт зээлийн 84.1 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн 52 зээлийг зориулалтын дагуу зарцуулсан. 20 аж ахуйн нэгжийн 21 зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээлийг олгохдоо барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн зээлийг хангалттай барьцаатайгаар олгосон гэж үзсэн"-ийг онцолсон. Түүнчлэн хаврын чуулган эхэлмэгц гишүүд санаачилга гаргаж, Хөгжлийн банкны асуудлаарх ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналтай байгаагаа ч хэлсэн юм.
УИХ хянан шалгах бүрэн эрхээ долоон арга хэрэгслээр хэрэгжүүлэх боломжтой. Үүний нэг нь хянан шалгах түр хороо байгуулж ажиллах. Тэгвэл Үндсэн хуулийн 28.2-т "Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна" гэж заасан байдаг. Тэгэхээр 19 ба түүнээс дээш гишүүний саналаар уг хороог байгуулах боломж бүрдэх нь. Ингэхдээ түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар, хороо байгуулах болсон үндэслэл бүхий тогтоолын төсөл боловсруулж, батлуулах хуультай аж. Харин шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Үндсэн хуульд харшлахаар бол холбогдох байнгын хорооны саналаар УИХ тогтоол баталснаар өөрчилж болох зохицуулалттай. Хорооны гишүүний гуравны нэгээс доошгүй нь УИХ дахь цөөнхийн төлөөлөл байхаар хуульчилсан.
Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах УИХ-ын эрх хэмжээний хүрээнд л явагдах ёстой. Мөн шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно.
Тус хороо нь нотлох баримтыг төрийн байгууллага, холбогдох этгээдээс гаргуулж авах, гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих, ерөнхий шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хянан шалгагч томилох, дүгнэлтээ УИХ-д танилцуулах бүрэн эрхтэй.
Ташрамд дурдахад, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.4-т "УИХ-ын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно" гэж заасан байдаг. Тэгэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын хувьцааг эзэмшдэг, өмнө нь эзэмшиж байсан, эсхүл ажиллаж байсан УИХ-ын гишүүн хянан шалгах түр хороонд багтах эрхгүй юм.
Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дээрх түр хороонд ажиллах боломжгүй. Учир нь түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан "Хөх ган" компанийн 52 хувийг "Бэрэн групп" ХХК эзэмшдэг аж. "Бэрэнгрупп " ХХК нь Сүхбаатар дүүргийн VII хорооллын 720 болон 120 айлын "Е" блок орон сууцын хорооллыг барихаар Хөгжлийн банкнаас 2017 онд 33.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Өдгөө 43.8 тэрбум төгрөгийг тус компаниас нэхэмжлэн, шүүхэд хандаад буй юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өмнө нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан. Мөн гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий "Вертекс майнинг партнер" компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Тэгэхээр эдгээр гишүүн ч мөн хянан шалгах түр хороонд ажиллах боломжгүй.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт ч түр хороонд багтах эрхгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын “Вестерн холд” компани Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сард 28 сая ам.долларын зээл авчээ. Энэ нь хэвийн зээлдэгчид тооцогдох бөгөөд үндсэн хүүний төлбөрт 220 мянган ам.доллар, хуримтлагдсан хүүнд 56 мянган ам.доллар төлсөн аж.