Компани, байгууллагуудад цугларсан, хүний хурууны хээний мэдээллийг тавдугаар сараас өмнө устгана
2022-02-22

Хууль ёс

 

      Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин ирэх тавдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Гэхдээ хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах,  өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах зэрэг харилцаанд дээрх хууль нь үйлчлэхгүй. Жишээ нь, аюулгүй байдлаа хангах зорилгоор орон гэртээ хяналтын камер байршуулсан бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулалт үүнд хамаагүй аж.

     Төрийн байгууллагуудад иргэдийн асар их мэдээлэл хуримтлагдсан байдаг. Тэгвэл дээрх хууль үйлчилснээс хойш буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн мэдээллийн эзэн буюу тухайн хувь хүний зөвшөөрлийн үндсэн дээр таны мэдээллийг цуглуулж, боловсруулах ёстой. Үүнээс гадна хуульд заасан үндэслэлээр болон гэрээ байгуулах, хэрэгжилтийг нь хангуулах гэсэн тодорхой нөхцөлөөр иргэний мэдээллийг цуглуулж болно.

    Мөн хүн, хуулийн этгээд буюу компаниуд нь иргэдийн хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр, хуульд заасан үндэслэлийн дагуу, хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч (мэдээлэл хариуцагч) эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, гэрээ байгуулах, хэрэгжилтийг нь хангуулах гэсэн дөрвөн нөхцөлөөр цуглуулж, боловсруулж, ашиглах боломжтой. Тухайлбал, та шинээр ажилд орсон бол ажил олгогч таньтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, үүний хүрээнд зарим мэдээллийг тань авч болно гэсэн үг. Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтнуудын мэдээллийг хуулийн дагуу цуглуулж, хадгалах, бусдад түгээхгүй, задруулахгүй гэсэн тодорхой үүргүүдийг хуулиар хүлээх бөгөөд мэдээлэл хариуцагч гэж тодорхойлж буй юм. Зарим компани, томоохон сүлжээ дэлгүүрүүд үйлчилгээ үзүүлэхдээ иргэдийн хурууны хээг ашиглах тохиолдол бий. Тэгвэл дээрх хууль үйлчилж эхэлснээр таны мэдээллийг зөвхөн эзнийх нь зөвшөөрөлтэйгээр авах ёстой болно. Түүнчлэн хууль үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд тухайн байгууллагуудад цугларсан, иргэдийн хурууны хээний мэдээллийг устгана.     

    Компани, байгууллагууд нь тухайн иргэнээс зөвшөөрөл авахдаа өөрийн нэр, холбоо барих мэдээлэл, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах үндсэн зорилгоо танилцуулж, хэдий хугацаанд ашиглах, нийтэд ил болгох, цааш нь дамжуулах, эсэхээ тайлбарлах үүрэг хүлээнэ. Ингэхдээ зөвшөөрлийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бичгээр өгөх ёстой.   

    Хүний генетик, биометрик мэдээллийг улсын бүртгэлийн, хил хамгаалах байгууллагаас гадна гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор ашиглах боломжтойг уг хуульд заажээ. Харин ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах үүднээс ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болох аж.   

    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийн эзэн буюу тухайн хувь хүн ямар эрх эдлэх талаар тусгажээ. Тодруулбал, өөрийн мэдээллийг өгөхөөс татгалзах, мэдээллийг тань ямар нэг байгууллага, хувь хүн цуглуулсан, боловсруулсан, эсэхийг мэдэх эрхтэй. Хэрэв тухайн хүний буюу мэдээллийн эзний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулах боломжтой юм байна.

     Хүний эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл нь хүний эмзэг мэдээлэлд багтана. Тэгвэл хэрвээ хэн нэгэн, эсвэл ямар нэг байгууллага таны эмзэг мэдээллийг ашигласан бол даруй мэдэгдэл өгөх аж.

    Хүний эрхийн үндэсний комисс нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалган, шийдвэрлэх, эсхүл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхтэй. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг батлах юм байна.   

    Ариун цэврийн, хувцас солих, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний, караокены, зочид буудлын, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг (хуульд өөрөөр заагаагүй бол) дээрх хуульд хориглохоор заажээ.   

    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах юм байна.  

 

Сэтгэгдэл