Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Уг хуульд 2023.06.16-нд нэмэлт өөрчлөлт оруулсан/ (2019-12-20)
/Бие даасан хууль/
2019-12-20 баталсан
2019-12-02 өргөн барьсан
Санаачлагч: Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан
Хуулийг энгийнээр
УИХ-ын сонгуулийн тухай хууль
2022-10-26

          УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2016-2020 оны парламентын үед буюу 2019 оны төгсгөлд баталсан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хууль нь 12 бүлэг 83 зүйлээс бүрддэг. УИХ ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар хуульчилжээ. Мөн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байхаар заасан аж.                    

 

Төрийн албан хаагч нэрээ дэвшүүлэх бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө

Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хуульд тусгажээ. Харин ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой.

Нэр дэвшигчид тавигдах хоёр шаардлагыг нэмж хуульчилсан байдаг. Тодруулбал, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх ёстой. Мөн нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагыг хангахаар тусгажээ.

Түүнчлэн хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглосон.

Сурталчилгаанд нэг хэсэгт дөрвөөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглана

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна. Үүнд:

  • сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах
  • нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах
  • хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах
  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх
  • ухуулах байр ажиллуулах
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах
  • цахим орчин ашиглах
  • өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх

Мөн сурталчилгаа хийх тээврийн хэрэгслийн тоог хязгаарлаж, сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт дөрвөөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно гэж заасан.

Сонгуулийн сурталчилгаанд дараах хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэхээр зохицуулсан. Үүнд

  • гурван хэвлэлийн хуудас сонин
  • гурван хэвлэлийн хуудас сэтгүүл
  • нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас

Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлж, тогтоосноос өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглох, ухуулах хуудсын хэмжээг тодорхой зааж нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байх зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн.

Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна. Хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй зэргийг хуульд тусгажээ.

УИХ-ын гишүүний ажлын тайланг сурталчилгаанд тооцохгүй

Намын далбаа, уриа, таних тэмдгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сонгогчидтой хийх уулзалт, хурал цуглааны танхимд, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглосон. Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болох бөгөөд нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно.

УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байхаар зохицуулсан байна. 

Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно.

Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байхаар хуульд тусгасан. 

Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно:

  • нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
  • цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  • бусад цахим хуудас

Цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хуульд тусгасан.

Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулахыг хориглосон

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах хууль бус сурталчилгааг хориглохоор /үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглохоор/ заасан. Үүнд

  • мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
  • нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
  • сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
  • хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах

 

Мөн нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

Сонгуулийн зардал нь хандив, намын болон нэр дэвшигчийн хөрөнгөөс бүрдэнэ

Сонгууль явуулах зардлыг хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэхээр зохицуулалсан. Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байх, мөн бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хоригложээ.

Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.     

Нэр дэвшигч нь гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй хүн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон.