Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2022-01-31)
/Нэмэлт өөрчлөлт/
2022-01-31 баталсан
Санаачлагч: Засгийн газар
Хуулийг энгийнээр
Үйлчлэх хугацааг нь гурван удаа сунгасан “Цар тахлын хууль”
2022-10-22

 

       Коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаж эхэлснээр манай улс цар тахалтай тэмцэх чиглэлээр тусгайлан хууль баталсан. Уг хуульд цар тахлын эсрэг УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс, төрийн бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах аливаа шийдвэрт тавигдах шаардлага, иргэний эрх, үүргийн талаарх харилцааг зохицуулж өгсөн.  Тухайлбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах, цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх тодорхой ажлууд хийхээр заасан байна.

Засгийн газар төсвийн зохицуулалт хийх эрхтэй

        Мөн Засгийн газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх зэрэг эрхтэй.  

Засгийн газарт төсвийн зохицуулалт хийх эрх өгсөнтэй уялдуулж, эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах зорилгоор УИХ энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог УИХ-ын бүх байнгын хорооны болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар заасан. Түр хороо энэ хуулийн биелэлтийг сар тутам хэлэлцэх юм.

         Түүнчлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Монголбанканд дэмжлэг үзүүлэх, цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлнэ.

 

          Үүнээс гадна цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.

 

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрт тавигдах шаардлагыг хуульчилжээ

Цар тахлын нөхцөл улам хүндэрч, нийгэм, эдийн засгийн байдал хэцүүдсэнээс үүдэж, уг хуулийн үйлчлэх хугацааг гурван удаа сунгаад байна. Мөн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах, оюутан, сурагчдын эрхийг хангахтай холбоотойгоор уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.  

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт тавигдах шаардлагыг хуульчилжээ. Тодруулбал, уг шийдвэр нь хүний зарим эрхийг, жишээ нь, зорчих эрхийг хязгаарлах бол тодорхой шаардлагыг хангасан байх ёстой юм. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авахад чиглэсэн байна. Гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхаагүй байх шаардлагатай.   

Иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульд мөн тусгасан. Тухайлбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг тухайн иргэн төлөх, албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах, өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.    

Хандивын тодорхой хөрөнгөөр гадаадад байгаа иргэдэд тусламж үзүүлнэ

           Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаадаас өгсөн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлж, энэ өвчний улмаас гадаад улс оронд тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтад орсны улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуур хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулахаар хуульчилжээ.