Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тухай хууль (2022-08-25)
2022-08-25 баталсан
2022-08-25 өргөн барьсан
Хуулийг энгийнээр
“Давхар дээл”-тэй гишүүдийн тоог дөрвөөр хязгаарласныг хүчингүй болгосон нь
2022-10-22

            Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны их суудлын хуралдаанаараа 2 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр Засгийн газрын хэдэн гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.   

Үндсэн хууль, бусад хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг зөв, буруу гэж шүүх эрхтэй субъект нэгэнт байхгүй. Тиймээс төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ 2022 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувийн саналаар дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан юм.  

           УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын 26-нд биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан.

Улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ.