Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021-12-17)
/Бие даасан хууль/
2021-12-17 баталсан
2021-05-19 өргөн барьсан
Санаачлагч: Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Хуулийг энгийнээр
Хүний хувийн мэдээллийг яаж хамгаалах вэ
2022-10-22

-Таны хувийн мэдээллийг хэн нэгэн ашигласан, эсэхийг мэдэх эрхтэй юү.  

-Тийм. Яагаад гэвэл мэдээллийн эзэн буюу иргэд өөрт нь хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан, цааш нь хэн нэгэнд дамжуулсан, эсэхийг мэдэх эрхтэй. Үүнийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд тусгасан байдаг.

 

           Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ) болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байв. Хэрэв хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах тохиолдол гарвал Хүний хувийн нууцын тухай хуулиар уг харилцааг зохицуулж чадахгүй байсан. Тиймээс УИХ уг хуулийг шинэчилж, энэ оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн.

Хувийн мэдээллийг цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна

Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн зорилго оршино. Хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамааруулна) болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хувийн мэдээлэл гэж үзнэ.

Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг хуульд заажээ. Тодорхой хэлбэл, төрийн байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хөдөлмөрийн харилцааны явцад, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Харин төрийн байгууллагаас бусад хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хуульд “мэдээлэл хариуцагч” гэж тодорхойлжээ. Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр (цаасан эсхүл цахим хэлбэрээр) зөвшөөрөл авсан байна.

Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүхийн болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Иргэн мэдээллээ хамгаалах үүрэгтэй

Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоож, тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаар хуульд заажээ. Тухайлбал, иргэн мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах, өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан, эсэхийг мэдэх эрхтэй. Харин иргэн өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллээ хамгаалах, алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах үүрэгтэй.

Мэдээллийн эзэн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно

Хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа тодорхой нөхцөлийг танилцуулах ёстой. Жишээ нь, мэдээллийг яагаад цуглуулж, ашиглах болсон үндэслэл, зорилго, тухайн иргэний ямар мэдээллийг хэдий хугацаанд ашиглах, нийтэд ил болгох, бусдад дамжуулах, эсэхээ тодорхой хэлж, зөвшөөрөл авахаар хуульчилжээ.

Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй гэж заасан байна. Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох юм.

ХЭҮК хүний хувийн мэдээллийг хамгаална

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Цахим хөгжил, харилцаа холбооны яам уг хуулийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим орчинд хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбогдуулан технологийн аюулгүй байдлын шаардлага, журам батлах, системийн аюулгүй байдал алдагдаж, хүний хувийн мэдээлэл эрсдэлд орсонтой холбоотой мэдээллийг нэн даруй бүртгэн авч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах үүрэг хүлээнэ.

Харин ХЭҮК хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд таниулах, зөвлөмж, хүний хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах чиглэлээр шаардлага боловсруулах, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй.

            Мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ. Төрөөс бусад байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллага, ХЭҮК-т гаргахаар хуульчилжээ.