Шүүхийн тухай хууль (2021-01-15)
/Шинэчилсэн найруулга/
2021-01-15 баталсан
2020-04-10 өргөн барьсан
Санаачлагч: МУ-ын засгийн газар ХЗДХЯ Ц.Нямдорж
Хуулийг энгийнээр
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор баталсан хууль
2022-10-22

     Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 16 бүлэг, 118 зүйлтэй. Хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан хэрэгжүүлнэ. Уг зөвлөл орон тооны (шүүгч болон шүүгч бус) 10 гишүүнээс бүрдэх юм. Шүүгч 5 гишүүнийг нь хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдэх Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор хуульчилсан.  

             Мөн шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журмыг олон нийтэд нээлттэй, ил тод байхаар буюу шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авах журмыг нарийвчлан, тодорхой тусгаж, шүүгчид нэр дэвшигчийн оноог Шүүхийн ерөнхий зөвлөл цахим хуудастаа байршуулж, нийтэд мэдээлэх, шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар олон нийтээс санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан шийдвэр, ажлын тайлангаа цахим хуудастаа тогтмол байршуулахаар зохицуулжээ. 

    Шүүхийн сахилгын хороо нь орон тооны (шүүгч, шүүгч бус) 9 гишүүнээс бүрдэнэ. Шүүгч 4 гишүүнийг нь хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 2, анхан шатны шүүхээс 1 шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  УИХ-аас томилохоор тусгасан байна.  

 

Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй

         Шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг нэгбүрчлэн хуульд заажээ. Шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс оногдуулна.

 

Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахгүй байх, шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад уг хуульд заасан зарчмыг заавал баримтлах, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр хуульчилжээ.

 

Төрийн албан тушаалтан шүүгчтэй уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлнө

              Шүүгч шүүн таслах чиг үүргээ хэнээс ч хараат бусаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн албан тушаалтан шүүгчтэй албан ажлаар уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгөхөөр зохицуулжээ.  

Мөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгасан байна.   

 

Нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг нээлттэй дамжуулж болно

             Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зарчмын хүрээнд хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болно.

Түүнчлэн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар өмнө дурдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд хүргэж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлаж байхаар хуульд тусгажээ.