Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль (2021-04-02)
/Бие даасан хууль/
2021-04-02 баталсан
2020-05-07 өргөн барьсан
Хууль санаачлагчид: Д.Цогтбаатар
Хуулийг энгийнээр
Хүний эрх хамгаалагчийг хамгаална
2022-10-22

          Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 4 бүлэг 14 зүйлтэй. УИХ уг хуулийг 2021 оны хаврын чуулганаар баталснаар хүний эрхийн асуудал, зөрчлийн талаар тэмцэж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн Ази тивийн анхны улс болсныг хууль санаачлагч, тогтоогчид тодотгож байв.

Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэж үзнэ. Тэгвэл хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Үүнд хариулахад “Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалах”-ыг хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэж хуульд тодорхойлсон. Товчхон хэлбэл, ямар нэг мэргэжлийн хүмүүсийг хүний эрх хамгаалагч гэж үзэх биш, явуулсан үйл ажиллагаагаар нь тодорхойлох юм. Жишээ нь, хүний эрхийн активистүүд, өмгөөлөгч, сэтгүүлч, шүүгч, прокурор, цагдаа зэргийн тодорхой үйл ажиллагааг хүний эрх хамгаалах үйл ажиллагаанд хамааруулж ойлгоно.

Манай улсад бусдын эрхийг хамгаалахын төлөө буюу хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсных нь төлөө ямар нэг хэлбэрээр дарамт, сүрдүүлгэд өртөх явдал цөөнгүй гарсныг судалгаагаар тогтоосон. Тиймээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжихэд уг хууль нь чиглэгдэж буй юм.  

 

Хүний эрх хамгаалагч ямар эрхтэй вэ

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хүний эрх хамгаалагч нь 12 бүрэн эрхтэй. Эдгээрээс зарим онцлох бүрэн эрхийг доор жагсаав.

  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох
  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олж авсан мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх нь бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах, төрийн байгууллага, албан тушаалтныг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах
  • Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглагчаар оролцох, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх
  • Хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус хохирлоо хуульд заасан журмын дагуу барагдуулах, нөхөн төлбөр авах
  • Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаад улсын, бүс нутгийн болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах

         Хүний эрх хамгаалагч нь хэдийгээр ийм олон бүрэн эрхтэй ч санхүүгийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах ёстой. Түүнчлэн хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж, хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг зэргээс үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжтой. Харин гадаадын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно.

Төрийн байгууллагууд хүний эрх хамгаалагчийг мэдээллээр хангах үүрэгтэй

Төрийн байгууллагууд, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг хуульд тусгайлан заасан. Тодруулбал, хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх үүргийг байгууллага, албан тушаалтнууд хүлээж буй юм.

Гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх хороо ажиллана

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар хуульчилсан. Тус хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд  

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах
  • Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах
  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх
  • Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг ХЭҮК-т хүргүүлэх
  • Энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах
  • Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.

Тус хороо нь даргаас гадна зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёр нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, ХЭҮК батламжилна.