Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль (2021-12-17)
/шинэчилсэн найруулга/
2021-12-17 баталсан
2021-05-19 өргөн барьсан
Засгийн Газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Х. Нямбаатар
Хуулийг энгийнээр
Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг яаж хангах вэ
2022-10-22

        Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь 8 бүлэг, 38 зүйлтэй. Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой этгээд, төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ гэж ойлгоно.

Нийтийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилан, алийг нь нийтэд нээлттэй байлгах талаар хуульд заасан. Тодруулбал, 5 ангиллын 68 төрлийн мэдээллийг нээлттэй байлгах ёстой. Мөн Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй. Жишээ нь, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон Үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл болон тендер, улсын төсөв гэх зэрэгтэй холбоотой мэдээллүүд нээлттэй байх ёстой.

      Хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзнэ.

Ямар мэдээллийг авахдаа зөвшөөрөл хүсэх вэ

Харин танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэлд хамааруулна. Тодорхой хэлбэл, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээллийг ХЯЗГААРЛАЛТТАЙ ангилалд багтаах бөгөөд мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүнтэй танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой. Үүнээс бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг эзнийх нь зөвшөөрлөөр танилцах, ашиглаж болох юм.

Төрийн байгууллага болон хуульд заасан бусад этгээд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалттай мэдээллийг ашиглах бол мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй.  

Хязгаарлалттай мэдээлэлтэй холбоотой бүртгэл хөтөлнө

Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа ямар нөхцөл танилцуулах талаар хуульд мөн заасан. Тухайлбал, мэдээлэл авах зорилго, мэдээлэл авагчийн нэр, холбоо барих утасны дугаар, авах мэдээллийн жагсаалт, мэдээлэл авах хэлбэр, хэдий хугацаанд ашиглах, ил болгох, эсэхээ танилцуулах бөгөөд мэдээллийн эзэн зөвшөөрлөө бичгээр өгч, цуцална.

Мэдээлэл хариуцагч буюу байгууллагууд хязгаарлалттай мэдээллийг ашиглах хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтлөх ёстой.

Нийтийн мэдээллийг хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл болгон нийтэд ил байршуулахаар хуульд заасан. Ингэхдээ хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл, уг өгөгдлөөс тухайн хүнийг таних боломжгүй байхаар бэлтгэх юм.  

Хүн, хуулийн этгээд мэдээллийг хүсэлт гаргаж, эсхүл цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байршуулсан мэдээллийг хүсэлт гаргалгүйгээр тухайн цахим хуудсанд хандаж авч болно.

              Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн “Хур” систем, дэмжих системүүд, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар уг хуульд тусгаж, нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг багтаажээ.