Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль (2021-12-24)
/Бие даасан хууль/
2021-12-24 баталсан
2021-07-02 өргөн барьсан
С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Г.Дамдинням
Хуулийг энгийнээр
УИХ-ын хянан шалгах бүрэн эрх
2022-10-21

        Парламентат ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой гурван чиг үүрэг байдаг нь хууль тогтоох, төлөөлөх, хянан шалгах. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ тодорхой түвшинд хэлбэржүүлэн тогтоосон. Гэвч хянан шалгах бүрэн эрхээ үр нөлөө багатай хэрэгжүүлж ирснийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тиймээс Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах зорилгоор УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргах зарчмын өөрчлөлт хийсэн. Уг өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг нэг жилийн өмнө боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан билээ. УИХ хянан шалгах бүрэн эрхээ долоон арга хэлбэрээр хэрэгжүүлэхээр хуульд заасан. Үүнд дараах арга хэлбэр багтана.   

  1. асуулт тавих
  2. асуулга тавих
  3. хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  4. тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх
  5. төсвийн хяналт
  6. хяналтын сонсгол хийх
  7. хянан шалгах түр хороо байгуулах

УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон парламентаас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нарт асуулга, асуулт тавьж, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь түгээмэл ажиглагдаж байна. 

Хуулийн хэрэгжилтийг үнэлнэ

             УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг чухал арга хэлбэр нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх явдал. Сайн хууль баталсан хэдий ч хангалттай хэрэгжүүлдэггүйгээс үүдэн нийгмийн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг судлаачид хөнддөг. Тиймээс хуулийг бүхэлд нь, эсвэл зарим зүйл заалтад нь хэсэгчлэн, мөн тодорхой харилцааг зохицуулж буй хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийхээр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тусгасан.  

            Ингэснээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, боловсронгуй болгох ач холбогдолтой. УИХ-аас тухайн жилд хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнгийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зохицуулалттай.

Төсөвт байнга хяналт тавих ёстой

УИХ төсвийн хяналт тавих бүрэн эрхээ тасралтгүй, байнга хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас төслийг нь өргөн мэдүүлснээс эхлээд хэлэлцүүлгийн шат бүрт болон хуулийг баталсны дараа хэрэгжилтэд нь хяналт тавихаар хуульчилжээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22.6-д зааснаар УИХ төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно.  

     Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн, эсэхийг холбогдох ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газрын хариуцсан хэлтэс болон гишүүд хянадаг. Энэ нь төсвийн хяналтын нэг хэлбэр нь юм.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар хяналтын сонсгол хийнэ

 УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийн нэг хэлбэр нь хяналтын сонсгол хийх явдал. Хяналтын сонсгол нь дөрвөн төрөлтэй. Үүнд дараах багтана.

  1. хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол
  2. төсвийн хяналтын сонсгол
  3. ерөнхий хяналтын сонсгол
  4. нэр дэвшигчийн сонсгол

УИХ-ын 9-өөс доошгүй гишүүн, байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар эдгээр сонсголыг зохион байгуулж, явуулахаар хуульчилсан.  

19-өөс доошгүй гишүүний саналаар хянан шалгах түр хороо байгуулна

    Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ хянан шалгах түр хороо байгуулах боломжтой. Ингэхдээ 19-өөс дээш гишүүний саналаар зургаа хүртэлх сарын хугацаатайгаар тус хороог байгуулах бөгөөд тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг нь тогтоолоор баталдаг. 5-19 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шалгах түр хорооны гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байхаар хуульд тусгасан.   

Олон улсын парламентын үйл ажиллагаанд “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” нь жишиг болсон арга хэлбэр. Энэ нь тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг УИХ дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгоход маш чухал ач холбогдолтой.  

 Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангахаар хуульд тусгажээ.