Хөдөлмөрийн тухай хууль (2021-07-02)
/Шинэчилсэн найруулга/
2021-07-02 баталсан
2018-03-26 өргөн барьсан
Санаачлагч: Засгийн газар ХНХЯ С.Чинзориг
Хуулийг энгийнээр
Хөдөлмөрийн тухай хуулийг 22 жилийн дараа шинэчилсэн нь
2022-10-22

Хөдөлмөрийн тухай хууль 13 бүлэг, 166 зүйлтэй. Уг хуульд оруулсан нэг онцлох зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, хуулийн хамгаалалтад орох эрх нь үүсэх явдал юм. 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас эхлэн хуулийн хамгаалалтад орж байсан. Ийнхүү 22 жилийн дараа иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор уг хуулийг шинэчилсэн юм.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах, барьцаа хэрэглэхгүй байх, нийгмийн түншлэлийг хангах, эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, шударга бус үйлдэл, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг тус тус хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зэрэг суурь эрхийг хамгаалах зарчмыг хуульд тусгажээ.

Тухайлбал, ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, ХЭҮК, шүүхэд тус тус гаргана.

 

Харин ажил олгогч дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчин бүрдүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулгыг тодорхой болгов

 

Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөрийн гэрээнд шаардагдах баримт бичиг, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг хуулиар тодорхой болгожээ. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгаж, иргэд хооронд байгуулах гэрээг тусгайлан зохицуулсан байна. Тухайлбал, ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш 1 жил хүртэлх хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж болохоор, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болохоор зохицуулжээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-иас доошгүй хувийн олговрыг сар бүр олгох нь.

 

Мөн ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулбал ажил олгогчдоо мэдэгдэх, цаашлаад ижил төрлийн үйл ажиллагаа, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол заавал ажил олгогчоос зөвшөөрөл авах үүргийг хүлээх юм.

 

Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж цалинтай чөлөө олгоно

 

    Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон. Мөн эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгохоор тусгасан.

 

    Дагалдангаар ажиллах, дагалдан суралцах, туршилтаар ажиллуулах, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээсээ, зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон зохицуулалтыг шинээр хуульчилсан. Жишээ нь, дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөхөөр зохицуулсан байна.

 

Түүнчлэн ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авах талаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Эсвэл ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ хийх нөхцөлийг тусгажээ.

 

Туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулна

 

Ттуслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хуульд заажээ. Ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд амьдарч, ажиллах бол ажил олгогч тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах, түүнчлэн нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байрны нөхцөлөөр хангах, мөн ээлжийн амралт олгох үүрэгтэй.

Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болох бөгөөд энэхүү цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох ба тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцохоор заасан байна.

 

Уурхайчид 14 хоног ажиллаж, 14 хоног амарна

 

            Уул уурхай, олборлолтын салбарт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон. Хэрэв уг хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцохоор зохицуулжээ.

 

            Уул уурхай, олборлох салбарын ажил олгогч ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, уртын ээлжээр ажиллуулж болно. Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцож, гарах зардлыг хариуцна.

    Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байх үүргийг ажил олгогч хүлээсэн.

 

Долоон хоногт ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна

 

Долоон хоногийн ердийн ажлын цаг 40-өөс, ердийн ажлын өдрийн үргэлжлэл наймаас, насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг өмнө нь 1.15 дахин нэмэгдүүлж тооцдог байсныг 1,.2 дахин болгон нэмэгдүүлсэн. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр өгнө

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүргийг ажил олгогч хүлээсэн. Тухайлбал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах ёстой.  

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна. Уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж, төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.